Та байр худалдаж авах гэж байна уу?

Та байр худалдаж авах гэж байна уу?

Та байр сонгохдоо зөв сонголтыг хийж чадах уу?

Байр худалдаж авах нь хүний амьдралдаа хийдэг хамгийн том сонголтуудын нэг билээ. Учир нь өдөр тутмын худалдан авалтаас ялгаатай нь та худалдаж авсныхаа дараа буцаах эсвэл дараагийн удаад анхааръя гээд өнгөрөх боломжгүй юм. Мэдээж байр худалдан авч буй хүн бүр урьдчилан өөрийн нүдээр үзэж боломжоороо харьцуулалт хийдэг. Гэвч бодит байдал дээр чанарын асуудал нь 1-2 жил амьдарсны дараа ил болж эхэлдэг ба танд өгсөн 3 жилийн баталгаа дууссаны дараа томоохон асуудлууд гарч эхэлдэг.

Тэгвэл зөв сонголтыг хийхэд юу чухал вэ?

“Үнэ дагаж чанар” гэж үнэтэй байраа борлуулах хүмүүс хэлэх болов уу. Хэдийгээр дээрх үг үнэний ортой боловч, зах зээлд “үнэтэй боловч чанаргүй”, “хямд боловч чанартай” байр байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр танд хэрэгтэй зүйл бол үнэн зөв мэдээлэл юм.

Хэрэв та олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сурталчилгаа болон борлуулагчийн танд хэлж буй зүйлүүдэд л тулгуурлан сонголтоо хийвэл алдаа гаргаж байна гэсэн үг. Яагаад гэвэл та эдгээр мэдээллийн эх сурвалжаас зөвхөн байрны бодит үнэ цэнээс илүү магтаалыг л олж харах болно. Өөрөөр хэлбэл сурталчилгаа гэдэг нь нэг талаас танд очих байрны үнийг нэмэгдүүлээд зогсохгүй, нөгөө талдаа таныг төөрөгдүүлэх мэдээллийг тарааж буй үр ашиггүй өрсөлдөөний хэрэгсэл юм. Тэгэхээр зөв сонголтыг хийх үндэс нь та өөрөө судалгаа хийж мэдээллийг олох явдал юм.

Судалгааг хийхийн өмнө барилгын салбарын тухай юуг мэдэх ёстой вэ?

Барилгын салбарын бус хүний хамгийн том эндүүрэл бол “барилгын компани гэдэг нь өөрөө хөрөнгө оруулалт хийгээд, барилгаа бариад, зарж борлуулдаг” гэсэн ойлголт юм. Гэвч барилгын салбар нь тийм хялбар бүтэцтэй биш юм. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын төрлийг дурдвал: Захиалагч компани, Зураг төслийн компани, Архитектур төлөвлөлтийн компани,  Гүйцэтгэгч компани болон Туслан гүйцэтгэгч компани гэх мэт болно. Эдгээрээс барилгын салбарын хамгийн том төлөөлөл нь Захиалагч компани болон Гүйцэтгэгч компани юм.

Захиалагч компани гэдэг нь хөрөнгө оруулалт хийгээд, өөрөө эсвэл гадны компаниар төлөвлөлтөө хийлгээд, барилгыг баригдсаны дараа зарж, борлуулах ажлыг гүйцэтгэдэг компани юм. Иймд захиалагч компани нь мөнгөн хөрөнгө ихтэй групп компаниуд байх бөгөөд байраа борлуулахын тулд сурталчилгааны ажлыг ихээр хийдэг тул олонд танигдсан байдаг.

Харин, гүйцэтгэгч компани гэдэг нь захиалагч компанийн захиалгын дагуу барилгыг стандартад норм-д нийцүүлж барихын тулд гар бие оролцон ажилладаг компаниуд юм. Өөрөөр хэлбэл таны худалдан авч буй байрыг бүтээгчид юм. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд нь хэрэглэгчидтэй шууд харилцдаггүй, сурталчилгаа хийгээд байдаггүй тул олны танил болоогүй байх нь олон.

Хамгийн чухал судлах ёстой зүйлс юу вэ?

Энгийнээр тайлбарлавал барилгын чанарт 2 зүйл шууд хамааралтай.

  1. Барилгын материалын чанар
  2. Барилгыг гүйцэтгэгч компани

Барилгын материалын чанар нь төсөв, төлөвлөгөөтэй шууд уялдаатай бөгөөд өндөр үнээр борлуулагдаж буй барилгад илүү чанартай материал ашиглагддаг гэдэг нь ойлгомжтой. Гэвч хэдий чанартай материал ашигласан ч туршлагагүй компани барилгын ажлыг гүйцэтгэвэл чанаргүй болдог.

Иймд барилгын чанарт нөлөөлөгч хамгийн том хүчин зүйл бол гүйцэтгэгч компани буюу тэдний ажилчдын ур чадвар юм. Монгол улсад өнөөдөр олон жилийн туршлагатай, чадварлаг инженер техникийн ажилчидаар багаа бүрдүүлсэн гүйцэтгэгч компаниуд “хөшигний цаана” улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Харин та барилгын гүйцэтгэгч компаниудын тухай хэр мэдэх вэ?